Маршал Чойбалсангийн хөшөөг гурав дахиа шинэчлэв

Х.Чойбалсангийн хүрэл хөшөө 2011/10/20
Та бидний сайн мэдэх МУИС-ийн нэгдүгээр байрны урд байрлах Маршал Чойбалсангийн хөшөөг шинэчилж хүрлээр бүржээ. Нэрт уран барималч Чойм­­­бол энэхүү хөшөөг 1946 онд барьж Төрийн шагнал хүртэж бай­сан түүхтэй ба түүний бүтээлийг 3 дахь удаагаа засвар шинэчлэл хийгдэж байгаа нь энэ юм байна.

Хүрэл хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд МАН-ын дарга, Монгол улсын ерөнхий сайд С.Батболд, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Маршал Чойбалсангий зээ охин Ч.Халиун, Улаанбаатар хот дахь Дорнод аймгийн нутгийн зөвлөлийг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Одбаяр, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүд, УИХ болон ЗГ-ийн гишүүд, Чойбалсангийн нэрэмжит байгууллагууд, МАН-ын хэрэг эрхлэх газар, Нийслэлийн МАН-ын хороо, МАН-ын дэргэдэх ТББ-ууд оролцлоо.
Монгол улсын ерөнхий сайд С.Батболд нээж хэлсэн үгэндээ “Эрхэм нөхдөө! өнөөдөр бол монголын түүхийн нэн чухал өдөр. Монгол түмэн 1945 оны энэ өдөр бүх нийтийн санал асуулга явуулж Монгол улсынхаа тусгаар тогтнолыг дахин баталгаажуулж дэлхий дахинд Монгол улсаа хүлээн зөвшөөрүүлсэн билээ. Энэ их үйл хэргийг МАН Х.Чойбалсангийн удирдлагаар санаачлан зохион байгуулсан билээ. Түүхт энэ өдөр маршал Чойбалсангийнхаа хөшөөг сэргээн шинэчилж хүндэтгэл илэрхийлж байгаа нь ийм гүн утга агуулгатай билээ. Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалж баталгаажуулсан маршал Чойбалсангийнхаа гавъяа зүтгэлийг бид алдаршуулж мөн үргэлжлүүлэх үүрэгтэй. Монгол улсын маань тусгаар тогтнол бүрэн эрхт байдал батжин бэхжиж Монгол улс маань мандан бадарч цэцэглэн хөгжих болно. Бүх нийтээрээ тусгаар тогтнолоо баталгаажуулсан энэ өдрийг бид дурсан санаж үеийн үед тэмдэглэж байх болно. Та бүхэндээ энэ өдрийн баярын мэнд хүргэе!” хэмээн үгээ төгсгөлөө. Түүний дараа Х.Чойбалсангийн зээ охин Ч.Халиун, УИХ-ын гишүүн Д.Одбаяр нар үг хэлж энэ үйл ажиллагааг ихэд онцолж байв.
Төгсгөлд Монгол улсын төрийн дуулал эгшиглэж, төр нийгмийн зүтгэлтнүүд, ахмадууд, ЕБС-ийн сурагчид, хүрэлцэн ирсэн зочид хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.

Хорлоогийн Чойбалсан нь (1895 оны 2 сарын 8 - 1952 оны 1 сарын 26) 1930-аад оноос нас барах хүртлээ БНМАУ-ыг удирдаж байсан нэртэй төрийн зүтгэлтэн юм. Х.Чойбалсан нь улс төрийн хэлмэгдүүлэлт, нэг хүнийг тахин шүтэх зэрэг Монголын нийгэмд учирсан асар их хохирол, сөрөг үр дагаваруудтай холбоотой боловч түүхийн эгзэгтэй үед Монгол улсын тусгаар тогтнолын төлөө ихээхэн зүйл хийсэн болно.
Чойбалсангийн жинхэнэ нэр нь Дугар бөгөөд харин Монголын түүхэнд Чойбалсан хэмээх хийдэд шавилан сууж байхдаа авсан номын нэрээрээ бичигдэн үлдсэн байна.
Хорлоогийн Чойбалсан 1895 оны 2-р сарын 8-нд тэр үеийн Сэцэг хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага, малчин эмэгтэй Хорлоогийн 3 дугаар хүү болон төржээ. Түүний эцэг нь Жамц хэмээх Манжуур дахь Дагуур Монголоос цагаачилж ирсэн хүн байв. Гэвч тэр нутаг усныхан, ялангуяа хошуу тамгын газраас Жамцыг элдвээр хавчиж байсан учир Чойбалсангийн эх Хорлоотой гэр бүл болж чадалгүй, хүүгээ эхийн хэвлийд байхад орхин явсан байна. Харин хүүгээ төрсний дараа буцаж ирэн, хүүдээ Дугар гэдэг нэр өгч эхнэр хүүхэдтэйгээ хэсэг хугацаанд хамт байсан ч удалгүй буцаж яваад, эргэж ирж амжилгүй өөд болжээ. Нутгийнхны дунд:

“Дагуур гаралтай Жамц чинь
Дагуулах ханьтай болсон шүү
Даамай амраг Хорлоо минь
Сэтгэлээ тайлах болсон шүү” хэмээн дуу гарч байсан гэдэг.
Дугар хүү хоёр айл дамжин үрчлэгдэж, эцэст нь төрсөн эх дээрээ буцаж ирсний дараа 7 наснаасаа эхлэн төвд ном үзэж, улмаар 13 насандааСанбээсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болсон байна. Чойбалсан 1910 оны зун хөдөө гэртээ хариад, буцаж Санбэйсийн хүрээнд очсонгүй. Найз Гэндэн-Яринпилийн хамт Их Хүрээнд ирж ирж, хар бор ажил хийн амьдрах болов. Чойбалсан 17 насандаа Монгол улсын гадаад ямны байгуулсан байгуулсан "Орос, монгол хэл бичгийн сургуульд" тус сургуулийн багш буриад Данчиновын дэмжлэгээр орж суралцан, жилийн дараа сурлага, сахилгаараа шалгарч, 1914-1917 онд Орос улсын Эрхүү хотод бусад 8 монгол хүүхдийн хамт суралцжээ.
1945 оны 9 сард Сталины шахалтанд автсан Хятад, Монголчууд БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгвөл БНМАУ-д тусгаар тогтнолыг зөвшөөрч болно гэсэн саналын дагуу санал хураалт зохион байгуулав. Монголчууд 100% тусгаар тогтнолын төлөө санал өгөв. Энэхүү санал хураалтын дараа Хятад улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.
Х.Чойбалсан их гүрнүүдийн зүгээс бага орны удирдагчид үзүүлдэг дарамт, шахалт бүхий амаргүй хувь тавиланг амссан ч, Монголын тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалах, гадаад бодлогын харьцангуй бие даасан чиг шугам баримтлахыг хичээн оролдож байв. И.В.Сталины мэндэлсний 70 жилийн ойн ёслолын арга хэмжээнд Европ, Азийн орнуудын нам, төрийн удирдагчид бүгд Москвад очиж үнэнчээ харуулахад, Х.Чойбалсан өөрийн биеэр очоогүй байна. ЗСБН Автономит Тува улсын тэргүүн Салжиг Тогоо Монголд айлчлах үедээ Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохыг ятгах үг хэлэхэд Чойбалсан ихэд уурлан, алгадсан гэдэг яриа тархсан байдаг. 1950 онд Монголын хэдэн сэхээтэн улс орныхоо хөгжлийг түргэтгэх гол арга зам бол ЗХУ-ын бүрэлдэхүүнд даруй орох явдал хэмээх санал өргөхөд тэрбээр мөн асар дургүйцэн, тэднийг зэмлэж байсан баримт мөн бий.

1 шүүмжтэй:

  1. Амжилт хүсье Сайхан бичлэг байна....

    ReplyDelete