ШҮЛХИЙ ГААРСАН ГОЛ БУРУУТАН НЬ “ВАКЦИН”

Шүлхий гэгч айхтар тахал энэ оны нэгдүгээр сарын 27-нд Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт анх илэрч, түүнээс хойш эрчимтэй хүрээгээ тэлсээр Сүхбаатар аймгийн Наран, Халзан, Дарьганга, Баяндэлгэр, Асгат, Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Алтанширээ, Их хэт, Өргөн, Айраг, Сайншанд, Бор-Өндөр, Даланжаргалан суманд тус тус гарч эгээтэй л нийслэл хотод ороод ирчихээгүй билээ. Олон улсын “А” зэрэглэлийн “А” хэвшлийн малын гоц халдварт энэ өвчин сар шинийн баяртай зэрэгцэн гарч улсад үлэмж хэмжээний хохирол учруулаад зогсохгүй, иргэд малчдын явдал суудал, амьдралд маш их чирэгдэл болсныг та бид бэлхнээ харсан билээ. Ажлаа мэддэг, мэддэггүй нь үл ойлгогдох төрийн албан хаагч, албан тушаалтнуудыг “цочоосон” энэ өвчин тэднийг ажлаа хэр зэрэг гүйцэлдүүлж, салбараа хэр хэмжээнд “чирч” явааг нь илтгээд өглөө. Энэ аюулт өвчнөөр салаа туурайтай бүх мал, амьтад өвчилж болох бөгөөд маш богино хугацаанд хурдан тархаж их хэмжээний газар нутгийг хамран гарах аюултай юм. Шүлхий нь шууд хавьталын замаар малаас малд халдахаас гадна салхи, ус бэлчээр, хүн мал ялангуяа адуу, зээр, гөрөөс, бусад зэрлэг амьтад, шувуу зэргээр дамжин алс зайд дэгдэх муу талтай өвчин юм.
Монгол түмний баяр “Цагаан сар” гээд сүйд болцгоож, дээр дооргүй төрийн ажлыг цалгардуулж бууз, баншаа чимхэж байсан үе юм уу даа. Гэнэт л шүлхий аюулын харанга дэлдэж эхэлсэн юм. Малчид нь ч, төрийн түшээд нь ч цочрилд оров. Бүр очиж очиж хэдхэн сарын өмнө буюу арав, арваннэгдүгээр сард вакцин хийлгэсэн газраас нь шүлхий илэрчээ. Уг нь бол малд нэг удаа хийсэн вакцин бүтэн зургаан сарын хугацаанд дархлаа тогтоох ёстой аж. Гэтэл тэгсэнгүй. Холбогдох яам, газруудынх нь олж ирээд хэдэн малаа алаг үзэлгүй хийсэн вакцин нь яагаад ийн тараа таниулж сандаргах болсныг гайхаж байсан биз. Үнэндээ вакцин худалдаж авах гэрээнд гарын үсэг зурж байсан тэд эргээд ядаж шилийг нь тэмтэрч үзсэн болов уу даа гэж бодогдох боллоо. Тухайн үедээ хугацаа нь дууссан вакцин хийж байсан нь үнэн болохыг сүүлд Монголын мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ц.Өлзийтогтох баталж байсан юм. Хэрэв тэр хугацаа нь дууссан вакцин ингэж тараа таниулаагүй байсан бол энэ он гараад ОХУ-аас дахин зургаан сая тун вакцин авахад зориулж 2.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулган, сонгон шалгаруулалтыг хоёрдугаар сарын 20-нд зарлахаар төлөвлөөд байж л дээ.
Шүлхий хаанаас яагаад гарах болсныг одоо тогтоогоод яах билээ? Хүн болгон л дор бүрнээ өөр өөрсдийн хувилбараа дэвшүүлж байгаа юм. Нутгийн иргэд бол өнөөх зээрийг гол тараагчаар нэрлэж, вакцин ийм үр дүнгүй байхын чинээ санаагүй бол арай өөр бодолтой хэсэг нь өвдсөн зээр сүргээсээ хоцорч үлддэг тул хол яваад тараагаад байх үндэсгүй гэж үзэж байх юм. Үнэндээ аль нь ч байсан хамаа алга. Намартаа урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсэн мал шүлхий дэгдлээ ч айх аюулгүй, өвдөх ёсгүй л байсан байхгүй юу. Гэтэл яагаад өдий гурван аймгийн нутаг дамжиж ийн сандаргах болов?
ШҮЛХИЙ ЯРИХАД ШҮҮРС АЛДАХ НЬ ХОЛГҮЙ
Анх Сүхбаатар аймгийн нөөцөд байсан 205 литр вакциныг шүлхий гарсан таван сум болох Онгон, Наран, Дарьганга, Баяндэлгэр, Түвшинширээ сумд руу хүргүүлж, өвдсөн малыг устгаж, эрүүл малыг тарих үүрэг өгсөн юм. Гэхдээ түүнийг нь нөөцлөөд бас нилээн хугацаа өнгөрсөн юмдаг уу даа. Вакцин нь хэвийн байдлаасаа өнгө нь жаахан өөрчлөгдсөн байсныг сумынхан хэлтэл “сэгсэрч байгаад хий” гэж үүрэгдсэн гэнэ. Үйлдвэрээс дөнгөж гарсан талх, хөгц үнэртэж эхэлж байгаа талх хоёрын амтыг нэг санаад үзээрэй. Үүнтэй л төстэй зүйл. Талх вакцин хоёрыг харьцуулах нь хэтийдэж болох ч химийн бодис хадгалах горим нь алдагдах л юм бол бүр аюултайг бид мэднэ.
Энэ хаврын шүлхий өвчин анх гарсан Сүхбаатар аймгийн Онгон сумтай хил залгаа хамгийн ойр байрлах Наран сумаар орлоо. Аймгийн төвөөс хамгийн алс байрлалтай, БНХАУ-тай шууд хиллэдэг энэ сумын иргэд хорио цээрийн үед их хэцүү байснаа ярьж байв. Сумын хэмжээнд шүлхий өвчинтэй тэмцэж ажилласан холбогдох хүмүүстэй уулзаж, хэдэн зүйлийг тодруулсан билээ. Тэд вакцины чанарыг үлэмж голж байснаа дуулгасан юм. Суманд ирсэн вакцин 2012 оны наймдугаар сард үйлдвэрлэгдсэн байсан ба хадгалах хугацаа нь 18 сар буюу яг л 2014 оны хоёрдугаар сард дуусч байжээ.
ХУГАЦАА НЬ ЯГ ТАГ ДУУСЧ БАЙГАА ВАКЦИН
Сумын хэмжээнд бүх малд урьдчилан сэргийлэх тарилгад идэвхтэй хамруулсан хэдий ч өвчин гараад байгаа нь вакцины чанартай шууд холбоотойг хэн хүнгүй л ам уралдан хэлж байна. Сүүлийн 4-5 жил малаа тогтмол вакцинд хамруулж байсныг малын эмч нь ч нотолж байна. Өдий төдий улсын хөрөнгөөр өчнөөн вакцин оруулж хийдэг ч үр дүнгээ огт өгөхгүй харин ч өвчнийг гааруулаад байгааг гайхах олон хүн байх аж.
Шүлхий гарлаа гэж сүржигнэж, ажлын явцыг шалгах, удирдах нэрээр олон тооны “мэргэжилтнүүд” сумаас сумын хооронд манарган давхиж, улсын хөрөнгөөр үнэтэй бензин тосыг дэмий үрээд зогсохгүй газар дээр нь ажиллаж байгаа сумын малын эмч, малчид, дайчлагдсан иргэдэд “тушаал” өгч, тэднээр элдэв шаардлагагүй арга хэмжээ авахуулж, тэг ингэ гэж сүржин захиргаадаж байсныг учирлаж байв. Үнэн чанартаа мал мэдэхгүй, мал эмнэлгийн талаар ойлголтгүй хэсэг нөхөд зөвхөн сум хооронд давхисныхаа шанд улсаас цалин, онцгойгийн нэмэгдэл, томилолтын мөнгө зэрэг өчнөөн шан харамж авч байсан гэнэ. Дэлхийд бүртгэгдсэн шүлхий өвчний дэгдэлтийн 43 хувийг хүн дамжуулан тараадаг төдийгүй өвчний вирус хүний хувцас дээр 3 долоо хоног амьд байдаг учраас хүн очсон газар бүхнийхээ малд өвчин халдааж болохыг судлаачид тогтоосон байдаг аж. Хүн амьтны хөл хорьсон хэрнээ өөрсдөө шалгалт нэрээр сумдын хооронд өвчний вирус тээж явсан үгүйг хэн мэдлээ.
Үүн дээрээс нэмээд тоочоод байвал зовлон зөндөө бий. Хамгаалалтын хувцас гээд тавьж өгсөн цагаан битүү хувцас нь 40 мянган төгрөгний ханштай. Бараг цаасан шахуу материалтай энэ хувцсыг өмссөн хүн ганц хоёрхон эвгүй хөдлөхөд урагдчихаар муу эд байсан тухай ч ярьж байна. Бас автомакс буюу ариутгалын шүршигч төхөөрөмж нь гарын ая даахгүй дорхноо эвдэрч байсан байсныг яг гардан ариутгаж байсан улсууд нь хэлэх юм.
Явж явж энэ бүгдээс хамгийн их хохирсон нь малчид. Надтай дайралдсан Наран сумын малчин А.Жагваралжав өөрийн 250 гаруй үхрээс 25-26, малчин Ж.Батаа 80 орчим үхрээс 14 үхэр нь шүлхийгээр өвдөж устгалд оруулсан гэнэ. Онцлох зүйл нь гэвэл тэд хоёул бүх малаа өнгөрсөн намар вакцинд хамруулсан байсан бөгөөд тэрэндээ найдаад шүлхий гарна гэж бодоо ч үгүй байжээ.
Овоо боломжийн амьдралтай хүмүүст яахав жаахан гарз байж л болох ч хэчнээн малчны амин зуулганы хэдийг нь шүлхий шууруулаад аваад явсныг хэлж мэдэхгүй. Улсаас малынх нь үнэлгээг тогтоож үнийн дүнгийн 90 хувийг нөхөн олгосон гэх. Одоо тэгээд цаасан мөнгөөр яах ч билээ. Түүгээрээ дахиад үхэр худалдаж авах уу? Гар дээр байгаа бэлэн мөнгө ойр зуурын хэрэгцээнд үрэгдээд дуусахдаа амархан шүү дээ. Анхнаасаа мал нь эрүүл саруул байсансан бол ядаж л сүү, махных нь ачаар гэдэс цатгалан, сэтгэл тэнүүн байж болох л байсан.
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ХАРИУЦЛАГАГҮЙ БАЙДЛЫГ АМИАРАА ҮҮРСЭН НЬ ЭНЭ АМЬТАН!
МУУ МУУДАА ДЭЭРЭЛХҮҮ ГЭГЧЭЭР
Наран сумын хэмжээнд нийт 187 үхэр устгасан бөгөөд бүгдийг бусдын жишгээр устгалын цэг дээр авчирч устгаад шууд газарт булж байсан гэнэ. Анх Наран сумын Гурван шүүт гэдэг газар 103 үхрийн дотор нэгээс хоёр үхэрт шүлхийн шинж тэмдэг илэрснийг сумаас томилогдсон ажлын хэсэг очиж шалгаад мөн болохыг нотолж зарласан ажээ. Аймгийн мал эмнэлгийн зүгээс малыг хааш нь ч хөдөлгөлгүй өвдсөн малыг шууд устгах даалгавар өгсөн гэнэ. Харин сумын зүгээс Гурван шүүт гэдэг газар нь улсын хилээс ердөө 200-300 метр зайтай байдгийг сануулаад холбогдох байгууллагуудаас хил орчим иймэрхүү үйл ажиллагаа явуулж болох эсэхийг лавлахад дорвитой хариу ирээгүй тул халдварыг тархаахгүйн тулд өвдөөд байсан 5-6 үхрийг нядалсан байна. Хэдий хаврын улирал эхэлж сар шинийн баяр эхэлж байсан ч өвлийн хүйтэн ид тачигнаж байсан тул гараар нүх ухаж чадалгүй аймгаас техник ирэхийг хүлээж бас л хугацаа алдсан гэнэ. Өнөөх 5-6 үхрээ арай ядан булаад дуустал Онгон сумын хилийн отрядаас “Хил дээр нүх ухаж үхэр буллаа”, “Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенц зөрчлөө” гэж бөөн л юм болж. Тэгээд буцааж нүхээ ухаад булсан амьтдаа гарга гэснийг ажлын хэсгийнхэн байдлыг учирлан байж болиулсан гэнэ лээ.
Сүхбаатар аймгийн Дарьганга суманд нэгэн айлын үхэр шүлхий өвчний шинж тэмдэг илэрснийг сумын малын эмч Б.Наранцэцэг анх олж мэджээ. Өвчнийг тодорхой оношлохын тулд аймгаас малын эмч дуудахад Улаанбаатар хотоос яваа зээрийн тандалтын багийнхан мөн хамт ирсэн байна. Тэд маргааш өглөө нь сүргээсээ хоцорсон дөрвөн зээрийг барьж шинжлэхэд хоёр нь шүлхийтэй, нэгийнх нь туурай нь эвэрхий байж таарчээ. Анх шүлхий гарсан тэр айлын эзэд уг нь малаа тогтмол вакцинд хамруулдаг байжээ. Харин тэр айлын өвөлжсөн газрын ойролцоо өвчин гарахын өмнөхөн 20 мянга орчим зээр байсныг өөрсдөө хэлсэн байна.
Дарьганга сумын хэмжээнд шүлхий өвчний улмаас 28 өрхийн 792 мал өвчилж бүгдийг устгалд оруулжээ. Халдварын дөрвөн голомт үүссэн бөгөөд мал амьтныг устгах гурван пост үүсгэж 112 хүнийг хорио цээрийн дэглэмд дайчлан ажиллуулсан байна.

ӨВДСӨН МАЛЫГ НЯДАЛЖ БАЙГАА НЬ
Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын тогтоолоор халдвар гарсан газруудад хорио цээрийн дэглэм тогтоох, вакцинжуулах бол бусад зардалд таван тэрбум орчим төгрөг төсөвлөж, зарцуулсан. Мөн БНХАУ-аас ирсэн вакцины төлбөрт дахин тав орчим тэрбум төгрөг төлсөн байгаа юм. Үүний дараа устгалд орсон малд өгөх нөхөн олговорын зардалд дахин 10 орчим тэрбум төгрөг зарцуулсан аж. Ингээд харахад шүлхийг таслан зогсооход хоёр хүрэхгүй сарын дотор 20 тэрбум төгрөгийг  зарцуулжээ. Энэ мөнгийг нэг бүрчлэн задалвал хэчнээн тооны хэрэггүй зүйлд татварын төлөгчдийн мөнгийг зарцуулсан бол гэдэг сонирхол татна.
Уг нь өдий хэмжээний гэнэтийн зүйл улсад тохиолдохгүй байж болох л байсан. Үр дүнгээ өгөхгүй байгаа, шаардлага хангахгүй вакцин болох нь ингэж нотлогдсоор байтал яагаад өөр газраас эрэлхийлж илүү чанартай вакцин олж ирэх тал дээр гар хумхин сууж байгаа нь хачирхалтай. Хэн нэгэн даргын бизнес цаагуур нь байж болохыг ч үгүйсгэхгүй.
Анхнаасаа дээр дооргүй хариуцлагатай байж, аль чанартай вакциныг тухай бүрт нь хангалттай хэмжээнд татан төвлөрүүлж, түүнийгээ малдаа тарихад зарцуулсан бол 20 тэрбум төгрөгийн ихдээ 20 орчим хувийг л зарцуулах байсан биз. Шүлхий нэрээр шоу хийгчид хот, хөдөөгүй байна. Сүрхий ажил хийж байгаа дүрээр зугаалагчид ч олон байна. Тэд өвчин дарах нэрээр малчдын өчнөөн малыг үгүй хийж, газарт булахаас өөр юу хийв? Сайд дарга нар нь тэр тоог нь хурал дээр танилцуулахаас өөр юу хийв? Энэ гэнэтийн үйл явдал ард иргэдэд нэгийг бодуулаа биз. Дараагийн удаа гэж байхгүй. Дахиж ийм зүйл болвол тэдэнтэй хатуу ярихаас өөр аргагүй. Тэднийг мэдээллийн хэрэгслээр мянга загнаад нэмэргүй. Хариуцлага тооцож сандал суудалтай нь ярихаас нааш цочироо авахгүй улс. Өвчин гээч зүйл хэлж ирдэггүй, хийсч л ирдэг. Ийм цалгар байдал дахин битгий гараасай. Улс орны эдийн засаг хүндрэлтэй, инфляци тогтмол өсч, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтсоор байгаа энэ хэцүү цагт энэ мэтийн хариуцлагагүй байдлаас болж хэдэн тэрбумаар нь улсын хөрөнгө үрээд байж болохгүй шүү дээ.


Б.Билгүүдэй

ӨВДСӨН МАЛЫГ ТУСГААРЛАСАН БАЙДАЛ

0 шүүмжтэй:

Post a Comment