Дурлал бол батга

Насны онцлог гэж бидний нэрлэдэг батга нь дурласан хүний тэмдэг гэж бодох боллоо. Хүн өсвөр насандаа анх нэгэндээ сэтгэл татагдан дурладаг бол яг л тэр үед нь анх батга гарч эхэлдэг шүү дээ. Яагаад ингэж бодох болсон бэ гэвэл:

Зуны амралт дуусах сүүлийн орой би гэдэг хүн хамаг хувцас, цагаан цамцаа индүүдээд өлгөчихсөн, пеналан дах цоо шинэ үзэгнүүд минь гялалзан байлаа. Тэр шөнөдөө бөөн догдлол болсон амьтан хөнжилдөө хөрвөөн хоносон юмдаг.



9-р сарын нэгний өглөө. Би албан ёсоор 7-р ангийн сурагч болсон тэр өглөө юмсан. Миний хамар дээр томоо гэгчийн улаан юм гараад ирлээ. Би ч эхэндээ гайхаж "Ээ чааваас нөгөө насны онцлог гээч нь үү?" хэмээн халаглаж зогсоно. Тэгтэл манай ах харснаа "Чи хэнд дурлачихаав?" гэх нь тэр. Би ч жаахан ч байж тэнэг ч байж тэрийг сонсоод зог туссан юм шиг болсноо сандраад "Засссс" гэж ширэв татаад өрөөнөөсөө пид пид хийтэл алхсаар гарч одов. Нөгөө улаан хамартайгаа цэцэг барьсаар багшдаа ирж үнсүүлээд найзууд дээрээ яаран ирэв. Гэтэл найзууд маань "Яая манай хүн сэтгэлийн жолоогоо алджээ" гээд шоолоод болдоггүй шүү. Би ч инээх ч хэцүү болоод бантсандаа тааралдсан найзыхаа нурууг ч ёстой хайр найргүй цохиж гарсан даа.
Хичээл эхлэх хонх дуугарч бүгд 304 тоотдоо томоотой сууж байтал багш маань нэг улаахан хацартай охин хөтлөөд ороод ирэх нь тэр. Би дахиад л зог тусав. Хамран дээрх "улаан" маань улам халуун оргиод байхаар нь тоохгүй хаячихсан чинь нусаа гоожиж байгааг ч анзаарсангүй. Ичсэндээ дээшээ аятайхан ч харж чадалгүй гөлөн гөлөн хийнэ. Багш тэр охиныг танилцуулаад суудлыг нь зааж өгөх гэтэл би хажуудах охин руугаа нэг муухай харснаа санаа алдлаа. Тэр өдрөөс хойш удсангүй ч үгүй тэр охин манай ангийхантай их дотно болчихсон байсан. Би түй ч үг солиогүй зөндөө удсан. Харахаар л хамаг биений хүйтэн хөлс гойжоод, хамран дээрх улаан маань улам халуун оргидог байв. Зүрх түг түг хийтэл цохилж цээжээ ширээнд нааж суухад хэцүү, бичихэд хүртэл хүндрэлтэй болж байлаа. Нээрээ нөгөө "улаан" маань арилахгүй л байлаа. Уул нь батга юм билээ л дээ. Шахаж ч үзлээ бөх барилдаж байгаа юм шиг л баахан ноцолдлоо.
Нэг өдөр яагаад ч билээ найзтайгаа далчиганаж яваад дугаарыг нь олж аваад бөөн баяр болон шатны есөн гишгүүрийг алгасаж үсрээд ханатай нялга... Эгээтэй л тархиа хөдөлгөчихөөгүй. Тэгээд дугаарыг нь олсон хүн эхлээд мессэж бичдэг боллоо. Нэгж надад бол юу ч биш болсон байсан. Сүүлдээ аавын дараах төлбөртөөс бичдэг болов оо. Эрийн хоншоор зааж нэг өдөр гуйгаад зөвшөөрүүлж чадлаа. Амжилт бүтээл дүүрэн хэдэн сар байсансан. Гэвч мессежэн дээр бичдэг шигээ амьдрал дээрээ би тийм романтик байж чадаагүй л дээ. Яваандаа би өөрөө хичээлдээ муудаж байгаагаа ч анзаарсангүй. 1-6р анги хүртлээ 100-аас доош дүн тавиулж үзээгүй “хувийн хэргээ” тэр жилдээ хэдэн сайхан B-ээр чимэж билээ. Тэр охиныг их зовоосоор валентины маргааш хоёр тийшээ болцгоосон доо хөөрхий. Ядаж байхад салъя гэсэн мессежээ аавын утас руу явуулсан байсан. Аав ажлаа тарж ирчихээд “Миний хүү! Зүгээр найз болъё ч гэнэ үү нэг мессеж ирсэн” гэж билээ. Санаачлагагүй, өөртэй нь ч үг дуугарч чаддаггүй хөвгүүнтэй хэн удаан байхыг хүсэхэв. Гэхдээ тэр охиныг анх харсан өглөө бусдын ярьдгаар анхны хайр гээч нь надад "анхны батга" болж ирсэн гэдгийг сүүлд мэдсэн. Салах үед бараг миний нүүрэнд дахиж батга гарах зайгүй болсон байсныг анзаарсан даа. Хэр зэрэг дурлалдаа шатаж явааг нүүр минь бэлхэн харуулдаг юм шиг ээ. Энэ явдлаас хойш миний батга ч цөөрч таван жил миний нүүрнээс салаагүй байсан "анхны батга" маань нэг л мэдэхэд арилсан байсан. Гэхдээ тэр миний амьдралд тодоос тод дурсамж үлдээсэн сайхан батга байж дээ.
Батгыг шахангуут цус гарч, сорви тогтдог нь яг л дурлалын араас нулимс унагаж, сэтгэлдээ шархтай үлддэгтэй адил. Ингээд бодохоор дурлал үнэхээр яг л батга шиг юм аа. Сүүлийн үед би өөрийнхөө нүүрийг толинд харахаараа замаа алдсан найгүй шалиг амьтан шиг санагддаг болсон шүү. Би их дурламтгай л даа. Гэхдээ л яавч шалиг биш. Яадаг юм би батгатай. Би батгандаа хайртай. Би энэтэйгээ үүрд хамт байна байх. Үхэн үхтлээ дурлалдаа шатаж явах байх.

Б.Билгүүдэй
2012.02.25 буюу 18 нас хүрсэн өдөр

4 шүүмжтэй:

  1. Сайн бичсэн байна шүү.

    ReplyDelete
  2. ммм тэр охиныг бараг л олчихлоо xэxэ
    Сайхан бичижээ амжилт
    нады бас блогоор хааяа шагаачиж байгаарай хө

    ReplyDelete
  3. Ёстой гоё болжээ. Би тэр охиныг мэдэх юм байна :D

    ReplyDelete
  4. cooooooooooooool :)

    ReplyDelete