ӨВЛИЙН ӨВГӨНД ИТГЭХЭЭ БОЛЬСОН МИНЬ...

Хүн бүр л хүүхэд байхдаа өвлийн өвгөнийг жил бүр хүлээж, гацуур модны дор үлдээх бэлэг нь юу байгаа бол хэмээн өдрийн бодол, шөнийн зүүд болон догдлон хүлээдэг билээ. Би ч тийм л хүүхэд байлаа. Бага байхад шинэ жилийн орой бүр аав ээж минь дүү бид хоёрыг жижиг өрөөнд оруулж, маш удаанаар 10 хүртэл тоолуулдаг байсан юм. Дүүтэйгээ буцаад гараад ирэхэд саанд хучуулж, тоглоом нь гоёдсон хуучин муу гацуур модны маань дор хоёр бэлэг үлдээчихээд “өвлийн өвгөн” яваад өгдөг байж билээ.


Цэцэрлэгийн найзуудтайгаа гадаа өдөржин шороо ухдаг байсан гэхээр 5 юм уу 6 настай үе байх. Урьдын адил догдлол дүүрэн 31-нийг хүлээж байсан үе юмсан. Дүү бид хоёр шинэ жилийн баярт учиргүй дуртай тул аав ээжийгээ аль эртнээс шалж сүлд модоо сарын 10-д дөнгөж гаргаад засуулж, өөрсдөө чимэглэх дуртай байж. Өнөөх хуучин саглагар модоо гоё харагдуулах гэж байдгаараа хичээдэг байлаа. Өдөржин модныхоо хоёр талд дүүтэйгээ сууж, шилэн тоглоомуудыг нь хааяа нэг эргэлдүүлэн суухдаа гацуурын дээр харагдах 1000, 5000 төгрөгөөр бид хоёрт юу авч өгөх бол гэж боддог байсан юм.


Яг тэр жилийн 25-ны орой байх, шинэ он гарахад ахиад хэд хоног дутуу л үе юмдаг. Аав ээжээсээ баярын ширээгээ засахыг дүүтэйгээ шалсаар зөвшөөрүүлж, том өрөөний буланд байдаг жижиг хүрэн ширээгээ өрөө голлуулан байрлуулж зэхлээ. Айл бүрд шинэ жил, цагаан сараар л гаргаж ширээгээ чимдэг цагаан бүтээлэг байдаг биз дээ? Манайх тэр бүтээлгээ том өрөөний сервантны хамгийн дээр дэлгэгддэг хаалгатай томоо хүрэн тумбочкад хадгалдаг байсан юм. Аав маань тэр цагаан бүтээлгээ дээрээс авах гэж тумбочкагаа учиргүй том нээхдээ дүү бид хоёрт авсан шинэ жилийн бэлгээ тэнд нууснаа тэрүүхэн хооронд мартчихсан юм. Сандрахдаа бүтээлгээ угз татан авч буцаагаад хаасан боловч хамгийн дээд талд нь тоглоомон машин байхыг би харж амжсан юм.


Хоног тоолон хүлээсэн 12-р сарын 31-ний орой боллоо. Эрт зассан баярын бяцхан ширээндээ оройн хоол, нийслэл салат, баярын шампанска, ганц шил хатуу юм гээд жил бүр манайд байдаг хоол унд цөм бүрэн байв. Мэдээж баярын гол амттан бялуугаа ширээ голлуулан тавихаа мартсангүй. Ингээд өвлийн өвгөн ирэхийг, он солигдож шампанска буудуулах оны хамгийн чухал хоёр мөчийг хүлээх үлдсэн юм. Тэр үед монголд цөөхөн хэдэн телевиз ажиллаж баярын хөтөлбөр, хамтлаг дуучдын тоглолт 31-ний орой тасрахгүй. Гэхдээ манайх гэдэг айл түүнээс илүүтэй оросын шинэ жилийн оройн тоглолтыг алгасахгүй үздэг уламжлалтай байсансан. Гэнэт ээж “Хүүе ээ, миний хоёр хүү жижиг өрөөндөө орох цаг нь болжээ. Өвлийн өвгөн ирэх цаг болчихсон байна шүү дээ” гэж дуу алдахтай зэрэгцээд дүүгээ хөтлөөд жижиг өрөө рүү гүйлээ дээ. Дүрмээ мэддэг хоёр жаал 10 хүртэл тоолохоо хэнээр ч заалгахгүй. Яг тэр өдөр би тоолж байхдаа өмнөх жилийнх шиг “гэрийн хаалга дуугарч өвлийн өвөө орж ирэх нь үү” гэж чагналгүй ганцхан аав ээж хоёрынхоо ярихыг сонсохыг хичээж байсан ч юу ч дуулдсангүй. “Гурав, хоёр, нэг, ноль... Орлоо шүү” гэж дүүг хэлэхтэй зэрэгцэн бэлэг минь юу байгаа бол гэсээр буцаж том өрөөндөө дүүгээ дагуулан орж билээ. Дүүгийн бэлгийг би төдий л санадаггүй юм. Харин миний бэлэг хэдхэн хоногийн өмнө сервантны дээр байсан дээрээ улаан, цэнхэр дохионы гэрэлтэй, жаахан миний алганд яав ч багтахааргүй том шар цагдаагийн машин яг “дүрээрээ” мөн байсан юм. Аавынхаа өөдөө харахад “Өвлийн өвгөн миний хүүд ийм гоё машин бэлдэж шүү дээ” гээд надад өгөхөд нь өвлийн өвгөний биш, аав ээжийнхээ хичээнгүйлэн бэлдсэн тэр гоё бэлгийг ямар их баяртай авснаа санадаг ч өмнө нь харсан гэдгээ хэлж зүрхэлсэн эсэхээ санахгүй юм. Ямартаа ч тэр жилээс хойш өвлийн өвгөн гэж байдаггүй, хэзээ ч байгаагүйг, гагцхүү аав ээж хоёр маань л жилийн хамгийн гоё баяраар хүү, охин хоёртоо бэлэг бэлддэг байж гэдгийг ойлгож байсан юм. Хүүхдүүдийнхээ яаж баярлахыг харах нь тэр хоёрын маань хувьд жилийн хамгийн жаргалтай үе нь байсан биз ээ.


Өнөөдөр би аав ээжтэйгээ 27 дахь удаагаа шинэ оноо угтах гэж байна. Тэд маань дүү бид хоёрыг хэзээ өвлийн өвгөнд итгэхээ больсныг, хэзээ гацуур модныхоо хоёрт талд суучихаад шинэ жилээ хүлээхээ больсныг анзаарах ч сөхөөгүй өнөөдрийг хүртэл бүхнийг үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө, ирээдүйн төлөө гэж биеэ үл хайрлан ажилласаар хоёул тэтгэвэрт хэдийн суужээ. Миний үеийнхэн одоо бүгд л ажлын амтанд орохдоо өдөр шөнө ялгалгүй залуу насныхаа эрч хүчээ ажилдаа зарцуулж, гэр бүлээ дэндүү бага хайхарч байгаагаа анзаарч мэддэггүй юм байна. Өдөр бүр хэлээд байж чаддаггүй ч гэлээ аав ээж хоёртоо хамгаас илүү хайртай шүү гэдгээ энэ бяцхан түүхийнхээ араас хэлэхийг хүсэж байна. Аав аа, ээж ээ, хүү нь та хоёртоо хайртай шүү.


0 шүүмжтэй:

Post a Comment