Ангар мөрний эрэг хүртэл хар замаар


/Аян замын тэмдэглэл/

Миний аав одоо 50 гарсан үснийхээ угнаас бууралтаж яваа "жижиг" хочит Болд гэж хүн бий. Аав маань олон залуусын адил Эрхүү хотод дээд боловсрол эзэмшсэн хүн. Хааяа нэг оюутан цагийн гэрэл зургуудаа үзэж суухдаа хөнгөн гунигт автаж тэр өдөртөө дуу шуу муутай, бодолд автан суудаг байлаа. Харин аав минь odnoklassniki.ru гэх сайтыг дүүгээсээ олж мэдсэнээс хойш өөрийн хаягийг нээлгэж орос ах нарын "фэйсбүүк"-т нэгдсэн билээ. Энэ сайтын ачаар зөвхөн зураг төдийхнөөр дурсаж байсан оюутан цагийн найз нөхдөө олж, тэдэнтэйгээ захидал солилцож, мэнд устай явах болсондоо тоймгүй их баярлаж суудаг болсон юм.
Аавтай минь хамт оюутны дотуур байранд таван жил хамт амьдарсан найз Сергей Новиков нь гэргий Людмилагийн хамт эх оронд минь буурал Европын Герман улсаас зочлон саатлаа. Бөглүү газраас ирсэн гадны жуулчдад өндөр байшин, Сүхбаатарын талбайгаа үзүүлсэн болоод хөдөө нутгийн сайхнаар хэд гурван хоног аргацаасан билээ. Бид өөр юугаа ч үзүүлэх билээ. Тэр холоос зорин ирсэн гол учир нь гэвэл их сургуулиа төгссөний 30 жилийн ойн арга хэмжээнд аавтай хамт оролцох байлаа. Одоогоос яг 10 жилийн өмнө аавынхаа буянаар анх хилийн дээс алхаж Бээжин хотыг үзэж байсан би мөн л аавтайгаа Орос-Монгол залуучуудын олон сайхан дурсамжийг өөртөө нандигнан хадгалах Эрхүү хотыг зорих боллоо.
Төрсөн гэрийн үүднээс Оросын хилийн довжоо хүртэл
2013 оны 8-дугаар сарын 22. Холын аян хийх тул өглөө эртлэн Улаанбаатараас бид хөдөллөө. Аяллын багийн бүрэлдэхүүнд ноён, хатагтай Новиков, аав дүү болон хүү нийлээд тавуул замдаа гарчээ. Өмнө нь Сэлэнгэ ордог энэ замаар хэд хэдэн удаа явж байсан надад анхаарал татаж зүйл төдий л их байсангүй. Харин манай хоёр зочинд уул хад, гол горхи гээд гайхаж уулга алдах зүйл зөндөө байсныг дурдах хэрэгтэй. Халиурсан тариан талбайг шагшин гайхаж, Дархан хотод хэсэг саатсаар аян үргэлжилж байв. Цааш онцын сонин зүйлгүй яван явсаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод нэгэн “ресторан” гэх хаягтай газар хооллох болов. Амт чанар тааруу, порц багатай хэцүүхэн юм хоолойгоороо давуулж ядаж байтал ойролцоо ширээнд нутгийн халамцуу нөхдийн зодоон нүдээн болж их л тавгүй байдал үүсгэсэн. Бид яах вэ ийм зүйл байх гэж бодно. Харин Европоос ирсэн зочдод хил давахын өмнөхөн эвгүй сэтгэгдэл үлдээсэн нь тоогүй хэрэг. Энэ мэтчилэн дүнсгэр таагүй байдалтай Алтанбулагийн зүг хөдөллөө. 
Ердөө хэдхэн километр зайд хилийн цаана орших Үнэн алдартны сүм улам ойртсоор. Үдийн хойно Орос руу гарахаар зэхэж буй Портер, микро, том оврын автобус гээд эгнэн жагссан олон тэрэг газрын шороотойгоо хамт өөрсдөө бужигналдан байлаа. Дипломат паспорттой хүн ямар нэгэн оочер чирэгдэлгүй шууд нэвтэрдэг дүрмийн дагуу аавынхаа ажлын буянаар Монголын хилийг саадгүй давлаа. Унаагаа хөлөглөн цааш хэдэн метр явж “РОССИЯ” гэх томоо цагаан бичигтэй Хиагтын боомтонд орж ирлээ. Гаалийн шалгагч хүүхэнд би Маша гэж нэр хайрлаад дотроо бодож байтал миний паспортыг үзэхдээ латин үсгээр галиглан бичсэн нэрийг минь БИЛЖУДЭЙ гэж эндүү уншсаныг эс тооцвол царай зүс тун давгүй орос бүсгүй байх аж. Хилийн цаана элэгт нэгт Буриадууд байх болов уу гэтэл үгүй цэнхэр нүдтэй шар толгойтой оросууд угтах аж. Оросын хилийн шалган их хатуу чанга. Ямар ч ачаа бараа байсан үнэрч нохойгоор шиншлүүлж, шаардлагатай бол задлуулдаг ёстой. Хүний харц, хийгээд үйл хөдлөл бүр дээр ач холбогдол өгч шалгадаг айхтар газар байна лээ. Бид яахав жуулчид учраас тэгж байгаад л хил гараад явсан билээ.
Оросын нутаг ба Буриад орон
Түүхт Хиагт хот. Оросууд энэ газрын нэрийг өөрийн таалалд нийцүүлж Кяхта болгож орхисон. Жанжин Сүхбаатарын гудамж, түүний гэр музей энэ хотод буй. 1727 онд эх суурь нь тавигдсан энэ газар 1915 оны гурван улсын гэрээ тэргүүтэй Монголчууд бидний 20-р зууны эхэн үеийн түүхтэй салшгүй холбоотой. Өнө эртнээс буюу Хаант Оросын үеэс тус улсын эдийн засаг, худалдаа наймааны зангилаа нутаг байсан энэ газар одоо болтол тэр эрчээ алдаагүй хэвээр. Өдийг хүртэл Монголоос олон худалдаачид энд ирж наймаа хийсээр байдаг юм билээ. Харамсалтай нь энд бидэнд удаан саатах шалтгаан байсангүй зам урт, цаг давчуу байлаа. Хотоос гарах дөхөж байтал миний зурагтаар л харж байсан ДПС гэсэн хантаазтай замын цагдаа биднийг зогсоож бэсрэг шалгалт хийсэн юм. Тус улсын нутагт шинээр батлагдсан хуулиараа хөдөлгөөнд оролцож байгаа автомашин бүр даатгалд заавал хамрагдсан байхаас гадна өдөр шөнө ялгалгүй заавал ойрын гэрлээ асааж явах учиртай юм. Үүнийг нь бид хэдийн мэдсэн болохоор шалгалтанд бүдэрсэнгүй, хэзээ зогсох нь мэдэгдэхгүй аянаа цааш үргэлжлүүлсэн. Энд нэгэн зүйл дурдахад дөнгөж хилийн дээс алхсан цэгээс Оросын Холбооны Улс гэх хүчирхэг гүрний автозамыг гайхаж биширснээ хэлье. Хөдөөгийн зам нь хүртэл энхэл донхолгүй толигор, замын тэмдэг тэмдэглэгээ, аюулгүй байдлыг маш сайн хангасан нь сайшаалтай. Замд Гусиноозерскоос өөр томоохон хот суурин үгүй тул бас ч гэж уйтгартай их л удаан давхисаар харуй бүрийтэй золгож наран хэдийн жаргасан хойно Буриадын нийслэл Улаан-Үүдэд ирсэн. Байгаль далайг халхлаад том уул нурууд байдаг учир авто зам нь Сэлэнгэ мөрнөө дагаж Улаан-Үүдээр дайрдаг юм билээ. Харанхуй шөнө юм үзэж харахад хэцүү байсан ч энэ хотод манайхны яриад л байдаг давхар замыг хэд гурваар нь тавьсан байв. Хотоор дайрч гарах автомашинууд олон уулзвар, гэрлэн дохионд сааталгүй хэд хэдэн давхар зам сүлжээд л гараад явчихна. Улаан-Үүд хотоор эх нутаг шиг минь намхан толгод шигүү модоор бүрхүүлсэн өндөр уулаар солигдоно. Хэзээ дуусах нь үл мэдэгдэх уртаас урт харгуй зам, үе үе замын хажууд харагдах километр заалтууд л нүдэнд харагдаж байлаа. Хэн хүнгүй аянчид маань ядарч байсан агаад жолоо барьсан аав маань их л тэвчээр зааж байсан нь илт байв. 
Ингэж явсаар бид замаас ялигүй хазайж Байгаль далайн хормойд байрлах Кабанск тосгон буюу Буриад улсын Хабаан аймгийн төвд ирлээ. Манай аймгийн төвүүдээс ялгагдах юмгүй энэ суурин Буриадын гэхээсээ илүү Оросын тосгоныг санагдуулам. Дэлгүүр хоршоо, гудамжны нэрнээс эхлээд гудамжаар зөрөх хүмүүс нь хүртэл "шар" Оросууд байх юм. Том гүрний дээрэнгүй бодлогын нөлөөнд автсан Бүгд Найрамдах Буриад Улс 1980-аад оны сүүлээр нэг сая гаруй хүн тоолуулж байсан ч 2010 оны байдлаар энэ тоо буурч 970 мянгад хүрсэн байна. Үүнээс гадна нийт хүн амын 66 хувийг орос үндэстэн эзэлдэг бол ердөө 30 хувийг элэг нэгт Буриадууд маань бүрдүүлж байгаа тоо байх юм. Буриад Улсын ерөнхийлөгчийн албыг Вячеслав Наговицын гэх хаанаас нь ч харсан Орос гэмээр хүн хашдаг нь хачирхалтай.
Тосгоны эгэл амьдрал ба орос эзэгтэйн гарын хоол 
Кабанск тосгонд ирсэн гол учир бол аавын ангийн найз Рыжков энд амьдран суудаг ажээ. Интернетээр холбогдож хаяг адресийг нь заалгаж авсан гээд аав маань их л мэдэрхийрсэн янзтай явж байснаа харанхуйд будилж нэлээн олон хүнээс зам асууж байж Луговая гудамжны 6 нойморыг олж очсон юм даа. Шөнийн дунд нов ногоон хашааг нүдэн байхад цаанаас орос нохойн хуцах хүдэр хоолой бас л сүртэй сонсогдож байв. Биднийг хүлээж байв уу гэлтэй хатагтай Ольга Рыжкова биднийг угтаж хэзээний донто орос хүний адил учиргүй үнсэж, тэврэлдэж мэнд мэдээд чанга чанга инээхийг сонсоход эгчтэйгээ ч уулзаад байгаа юм шиг эргэлзээ төрүүлж байлаа. Замдаа алжааж ядарсан бид ороод удаж шалилгүй ор гудсаа заалган бөх унтацгаасан билээ.
Ах маань
 8-дугаар сарын 23. Тосгоны орос эзэгтэй нар өглөө донгодох тахианаасаа түрүүлж сэрэх нь олонтаа. Гэрийн эзэн Владимир Рыжков эзгүй байгааг өглөө нь л олж мэдлээ. Би өрвийж сарвайсан үстэй, өмхий ханхлуулсаар орноосоо өндийж нүүр гараа угаах болов. Хэдий тосгон, тосгон хэмээн бичиж буй боловч арчаатай орос айл ямар байдгийг Рыжковийнхноос харж болно. Өөрсдөө барьсан хуучин дүнзэн байшингаа шинэ мэт засварлажээ. Халуун, хүйтэн усны системд холбогдсон тохилог ариун цэврийн өрөөтэйгөөс гадна цөөн хэдэн суваг гардаг кабелийн телевиз, интернетэд холбогдсон байх юм. Хуучин Зөвлөлтийн үеийн тавилгатай Монгол айл шиг нэг л дотно дүрээр зочны өрөөтэй дүрсэлж болно. Эл айл байшингаа тойрсон томоо хашаатай. Хашаандаа төмс, лууван, сонгино, байцаа, улаан манжин, чинжүү гэх мэт өөрсдийн хэрэгцээний хүнсний ногоог бүгдийг тарихын сацуу өргөст хэмх, улаан лооль, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, давжаа алим эндээ тарьдаг. Хэчнээн сайхан цэвэрхэн талбайтайг үгээр хэлэхийн аргагүй. Хашаандаа мөн дулаалга сайтай гараж, саунтай эднийх хүн амьдрах таатай нөхцлийг сайн бүрдүүлсэн сайхан айл байлаа.
Дружок нэртэй нохой
 Хүсээгүй ч гэсэн хүчээр боссон болохоор өглөөний цайгаа уухаар гал тогооны пинд оров. Хатагтай Рыжкова цай, барьсан талх, жимсний чанамалаар дайлж араас нь амттай орос чихрийн цуглуулгаараа ёстой булах шиг болов. "Үгүй" гэж татгалзвал орос эзэгтэй нар дургүйлхдэг учраас өгснийх нь хэрээр аваад үнэхээр барахгүй бол "Хватит, спасибо!" гэж талархах хэрэгтэй. Оросууд манайхан шиг өглөөний цайгаа сүр сар болгож хурдан уудаггүй өөртөө зориулж уудаг нь мэдэгдсэн. Тухтайхан сууж байгаад сайн идэж ууж авахыг эрхэм болгодог ажээ.
Бага үдийн алдад бид хатагтай Ольга Рыжковатай нийлээд зургуулаа Кабанскаас баруун зүгт Байгаль далайн эрэгт хүрэхээр хөдөллөө. Ойролцоогоор 90 гаруй километр "хар" зам туулж зогссон энэ бэсрэг аялал маань далайн мандлыг алсаас харсан догдлолоор төгссөн юм. Машинаас бууж далайн эрэг рүү яаран гүйв. Цахлай шувуу эргэлдэн нисэх дэлхийн хамгийн цэнгэг уст Байгаль далайг анх удаа өөрийн хоёр нүдээр 18 насандаа үзэх хувьтай байж. Тухайн үед төрсөн анхны сэтгэгдлээ тод санахгүй байгаа ч “Ингээд уулздаг байжээ” гэж дотроо маш их баярлаж байснаа санаж байна. Бүрхэг сэрүүхэн өдөр байсан тул далайн эрэгт багийнхан маань удаан саатаагүй ч усанд шумбацгааж, зугаалж амжсан юм.
Хоёр цагаас хэтэрсэнгүй ээ энэ аялал, Кабанск руу буцлаа. Өдрийг хийх юмгүй өнгөрөөж ойр хавиар жаахан сэлгүүцэж оройн хоолны цагтай золгов. Хар багаас орос кинон дээрээс харж шүлсээ залгидаг байсан тосгоны орос эзэгтэй гараа гаргаж хийсэн шөлийг ууна гэхээс тэсэж ядаж байлаа. Уламжлал ёсоор өмнө нь хэзээ ч амсаж байгаагүй тансаг борщыг бараг гурван таваг идэж орхив. Амт нь орос 24-ийн чихэрнээс хол илүү энэ хоолыг идэхэд тавагнаас халбагадаад ам хүрэх хугацаа хэтэрхий удаан байсныг нуух юун. Үүн дээр нэмээд эзэгтэйн барьсан хар талхыг дэвтээж нэг, хуурай нэг хольж идсээр овоо дүүрээд ирэв. Харваас ширээ дүүрэн идэх юм байхад сэтгэл цадна гэж үгүй юм билээ. Хоёрдугаар хоолондоо перц ихтэй, том махтай тефтель зооглов. Өмнө нь хэзээд перцыг ялгадаг байсан ч энэ удаад тэгсэнгүй. Энэ бүхний араас эзэгтэйн өөрөө хийсэн бялуу, өөр юу юу ч билээ бор ходоодоо нэг дүүргэж авсан даа.
Энэ зуур оросууд л юм хойно галуун хүзүүт мултлаж гангар гунгар хийн овоо халцгаажээ. Орос хэлэндээ маруухан учир ойролцоо хэдэн мэддэг үгээрээ дамжуулан яриаг нь санаандаа орчуулж хааяа нэг ярианд оролцож суусаар үдшийг угтлаа. Тэд нэг ингээд суугаад авсан бол суугаагаараа унтатлаа сайхан ярилцах дуртай улс. Хуучны орос кинонууд үүнийг бэлээхэн нотлох биз.
Эрхүүгийн бараа
8-р сарын 24. Холын аянчид учир эртлэн босож хөдөллөө. Оля эгч маань нөхрөө эзгүйд явж чадахгүй учир үлдэж хоцров. Цааш бид Байгаль далайн эрэг дагуу давхисаар далайн хамгийн өмнө үзүүрийн Култук тосгон өнгөрч умар зүг эгц Эрхүү рүү давхилаа. Гайхаж шагшуулаад байсан автозам чанараа алдалгүй харин ч өргөссөөр улам сайхан болж байв. Замын хүмүүс саатан зогсох газар хэд хэд тааралдсан ч саатах учиргүй тул давхисаар л. Уйтгартай энэ урт энэ зам Эрхүү хотын бараагаар солигдов. “Алтан” Москва, Санкт-Петербург ямар байдгийг мэдэхгүй юм. Миний харснаар Эрхүү асар том хот шиг санагдав. Хэчнээн ч километр үргэлжлээд байгаа юм бүү мэд.
Амлаж тохирсон ёсоор Сергей Новиков болон аавтай минь хамт таван жил дотуур байранд амьдарсан өөр нэгэн Сергей буюу Михайлов замын эхнээс тосож авлаа. Хоёр Серёжа уулзалдаагүй 20 гаруй жил болсныг сүүлд мэдсэн. Харин ноён Михайлов эхнэр Еленагийн хамт гурван жилийн өмнө манай гэрт зочилж байсан удаатай билээ. Урьдын адил халуун дотно тэврэлт, хөөр баяраар дүүрэн инээмсэглэлийг дахин харж зогслоо. Сергей Михайлов Эрхүү хотын хөдөө аж ахуйн техникумын захирлын албыг хашдаг ажээ. Харих замаараа ажлаараа оруулж сургуультайгаа танилцуулсан. Яахав дээ энгийн л нэг жижигхэн техникум. Оройхон тийш биднийг гэртээ урьж бас л дайлж, цайлж гарав. Би гэдэг хүн хааяа өлсөхдөө тэр их хоол ундтай үеэ эргэн санадаг юм. Удаан уулзаагүй найзууд хорвоо ертөнцийн хамаг л юмыг хамаж ярьсаар үдэштэй золгов. Европоос ирсэн жуулчдыг ойрхон буудалд оруулах болж, харин Монголчууд биднийг сургуулийнхаа дотуур байранд хонохыг санал болгов. Аав ах хоёрт минь ямар санагдсныг мэдэхгүй. Надад лав “Эрхүүгийн дотуур байр” гэхээр сайхан газар шиг санаж яарч байлаа. Тийм ч сайхан биш тух алдахгүй дажгүй л газар байсан. Харин аав маань орондоо хэвтэж байхдаа “Эрхүүд ирэлгүй 20 гаруй жил болоход одоо хүртэл хамаг юм нь хуучин хэвээрээ социализм үнэртүүлж байна. Бид чинь харин хаа очиж Оросуудаас хурдан хөгжиж байгаа улс юм” гэж ахтай бодлоо хуваалцав. Өмнө нь ямар байсныг сайн мэдэх хүн худал хэлээгүй нь лавтай биз.
Их сургуулийн найзууд 30 жилийн дараа 
Энд ирсэн эрхэм зорилгоо биелүүлэх өдөр нэгэнт иржээ. Бид дотуур байрнаас Михайловынд буцаж аав маань гангарааны костюмээ өмсөв. Дахиж хэзээ уулзах нь мэдэгдэхгүй энэ цэнхэр бөмбөрцөг дээрээс нэг нэгнээ дахин олсон эрхэм найзууд энэ л өдөр болзоо товлож догдлол дүүрэн яаран хүлээсэн гэдэгт итгэлтэй байна. Аав маань үргэлж нүүрэндээ инээд тодруулж явдаг ч тэр өдрийнх шиг инээмсэглэлийг тун ховор үзсэн билээ. Эрхүү хотын захиргааны урд, “Ангара” зочид буудлын зэргэлдээх усан оргилуур өндөр, өргөн, бүдүүн, шар хар үстэй олон хүн цуглажээ. Ялигүй хоцорсон болохоор аав маань учиргүй яарч гүйхдээ гарцгүй газраар жаахан хүүхэд шиг зам хөндлөн гарсан юмдаг. Эргэж тойрон өөр хүмүүстэй андуурч явсаар ангийн нөхдөө олоод “Ааааааа!” гэж их удаан хашгираад эхнээс нь тэвэрч гарлаа. Нөхдийнхөө гарыг хоёр гараараа атгаж, хөөрсөн сэтгэл, баярын нулимсаа нууж ядан байгаа аав маань тун их баяр хөөртэй харагдаж байсан юм. Ангийн нөхөд нь аавыг маань “Өсөөгүй байна” гэхчлэн шоглож чанга чанга инээлдэж байхыг хараад миний сэтгэл хүртэл баясаж байсан билээ. Аав минь найзуудынхаа овог нэрийг нь өөрөө хэлж мэндчилээд нөгөөдүүл нь ч таньж байгаад нь учиргүй их хөөрч байсан юм. Тэрүүхэн үед их сургуулиа төгсөөд ангийнхантайгаа 30 жилийн дараа уулзахад ямар байх бол гэсэн бодол толгойд бууж байв.
Тэднийг ийнхүү хөөрч баярлах зуур төлөвлөгөө ёсоор нэгэн хуучны автобус ирж авав. Ангиараа тэр автобусанд чихэлдэж суугаад төгссөн сургуулиа зорих нь хөгтэй. Үүдэндээ цэцэрлэгтэй “Эрхүү хотын хөдөө аж ахуйн дээд сургууль”-ийн тэнд цугласан хүн бүрийн бүх л сайхан дурсамжийг өөртөө нууж байгаа нь илэрхий буй за. Бүгд сургуулиараа зочлон, сууж байсан лекцийн танхим, гүйж явсан коридороороо алхацгааж байв. Аав маань оюутан цагаа дурсаж аль нэг хоосон ангийн хаалгаар шагайгаад “Орж болох уу?” гэхчлэн нөхдөө баясгаж явлаа. Сургуулиараа хангалттай хэссэн төгсөгчид хуучин дотуур байрныхаа доор ганц шил юм мултлав. Дотуур байр нь одоо хувьд шилжсэн орон сууц болсон байх юм. Аав маань амьдарч асан өрөөгөө надад заан харуулж хэсэг ширтэн зогслоо.
Автобусандаа суун цааш хөдөлж Байгаль далай, Ангара мөрөн хоёр нийлдэг нэгэн үзэсгэлэнт хөвөөнд байрлах амралтын газар албан ёсны арга хэмжээг зохион байгуулахаар зэхжээ. Зочид хооллож ундлаад хатуу юмандаа шилжэж нэг нэгээрээ сэтгэлийн үгээ хэлцгээнэ. Аавын ээлж ирэхэд өөрийн гэр бүлээ, ажил амьдралаа танилцуулж ирсэндээ их баяртай байгаагаа илэрхийлснээс өөр онц зүйл дурдсангүй. Хүн угаас их баярлахаар юу хэлэхээ огт мэддэггүй шүү дээ. Үүний л нэгэн адил.Овоо халцгаасан зочид бүжиг таанц болцгоож нэлээн юм болов. Оросуудын нэг сонин зан бас бий. Орост тамхи татдаггүй хижээл насны эрэгтэй хүн нэн ховор бөгөөд тэдний соёлоор ширээнээс ганц нэгээрээ тамхилахаар хэзээ ч босдоггүй. Босвол бүгд нэгэн зэрэг босцгоохоос гадна, буцаад зэрэг шахуу сууцгаадаг. Энэ хооронд би гиюүрч суух зуураа гадаад үзэмжний сайхныг гэрэл зургийн хальснаа буулгахыг их оролдсон. Намайг уйдаж буйг анзаарсан аавын найзууд гадаад орчин, Ангара мөрний тухай ярьж байгааг ойлгож байгаа хэдий ч ярихдаа муу учир толгой дохихоос өөр зүйл хийсэнгүй.
Тэд оюутнууд л болсон хойно гадаа цэцэрлэгт сууж, гитар балбан дуулцгааж, өөрсдийн амьдрал ахуй, 30 жилийн түүхээ хуучилцгааж тэр оройг хэзээ ч мартамгүй сайхан өнгөрүүлсэн биз ээ.
Байгаль далай дээгүүр хөлөг онгоцтой
 Сайхан амарсан нийт хамт олон маань далайн эргийн зүг хөдөлж “Аскольдъ” гэх хачин нэртэй хөлөг онгоцонд сууцгаав. Тийм сүртэй том биш ч овоо хүн багтчихдаг энэ хөлгөөр би Ангара мөрний эргээс хөдөлж яван явсаар Байгаль далай руу орсон. Өмнө нь моторт завинд л заларч явсан болохоор хөлөг онгоц шинэлэг зүйл байв. Аавын нөхөд идэж уун өнөөх л учир нь үл олдох зүйлсээ чанга ярьцгааж замыг барж байв. Хөлгийн ахмад залуураа овоо зайтай харагдах эрэг рүү залж тэнд хүргэв. Надад тэр эрэг биш Байгаль далай дээгүүр аялах л туйлын сайхан байсан учир олон зүйл нуршихыг хүсэхгүй байна. Далайн дээгүүр дүүлж явахдаа урьд нь хэзээ ч авч байгаагүй сайхан бүхнийг мэдэрч энэ аялалд явсандаа сэтгэл тэнэгэр зогсож байлаа. Далай дээгүүр гурван цаг орчим аялаж бид ирсэн газраа буцаж ирлээ. Тэнд Монголоос ирсэн аав, ах бид гурав хамт ирсэн Новиковынхон болон ангийн анд найз нартай нь албан ёсоор салах ёс гүйцэтгэж дурамчхан буцсан даа. Аавынхаа 30-аад жилийн өмнөх дүрийг яг л хуулбарласан намайг ангийн нөхөд нь их л дулаахан харцаар үдэж, өмнөх цагаа дурсаж байсан биз ээ. Эндээс бид гурав эх нутаг руугаа буцав.
Холын аянаас буцахад ямагт цаг хурдан байдаг билээ
 Туулаад, давхиад бардаггүй уртаас урт замыг бид их л ажралгүй хурдан туулсан даа. Очих замдаа саатсан Кабанск тосгондоо очиход гэрийн эзэн Владимир Рыжков ирсэн байв. Цаг хэдийнэ орой болсон учир тэндээ амарцгаах болов. Тэр хооронд ангийнхны уулзалтын талаар аав маань сонирхуулж, авсан зураг хөргөө үзүүлж байлаа.
Орос оронд сүүлийн өдрөө өглөөний нарыг угтаж гэр рүүгээ яаран хөдлөв. Нэг л мэдэхэд Улаан-Үүд, нэг л мэдэхэд Хиагт. Оросын нутгаар хийсэн 1000 гаруй километрийн аялал ийнхүү өндөрлөж эх орны торгон хилийг давлаа. Бид Оросод тийм сайхан автозамаар, тийм урт аялал хийхдээ замын татвар гэж нэг ч копеек төлөөгүй гэдгийг хэлье. Гэтэл монголын хил даваад энхэл донхол ихтэй, нарийхан чанаргүй замаар давхихдаа гурван ч цэг дээр улсын “чанартай” автозам ашигласныг татвар төлсөн юм даа.
Сайхан дурсамжаар дүүрэн энэ хэдхэн хоног дэндүү хурдан байлаа. Багадаа мөрөөдөж явсан Оросын хилийг давж үзлээ. Орос хүмүүстэй ойр дотно байж үзлээ. Орос эзэгтэй гарын хоолоор дайлуулж үзлээ. Өнө эртний хөрш элгэмсэг оросын ард түмэнтэй ийнхүү танилцлаа.

2 шүүмжтэй:

  1. saihan bichjee nudend haragdtal, setgeld honogshtol...............

    ReplyDelete
  2. Гоё аялал болжээ. Нэг л өдөр очно доо Байгалд

    ReplyDelete